Sunday, 23 February 2014

ЛИБРЕТТО

Дж.Пуччини  Чио Чио Сан дуурийн  либретто
Чио Чио Сан (Баттерфляй авхай) хоёр бүлэг, гурван үзэгдэлт дуурь. Д.Лонгийн эх зохиолоор Д.Беласко драм болгон бичсэн. Дараа нь Дж.Пуччини хөгжмийг, Л.Иллика, Дж.Джакоза нар цомнолыг бичив.
1904 оны 2-р сарын 17-нд Миланд анх тогложээ.

ДҮРҮҮД:


Чио Чио Сан (madama butterfly)
Сузуки /Зарц хүүхэн/
Пинкертон /Америкийн цэргийн дэслэгч/
Кет /Пинкортоны эхнэр/
Шарплес /Америкийн элчин/
Горо/Зууч/
Ямадори /Чио Чио Санд сэтгэлтэй тайж/
Бонза /Чио Чио Саны ах лам/
Комиссар /Япон нотариатч/
Сопрано
Меццо-Сопрано
Тенор
Меццо-Сопрано
Баритон
Тенор
Тенор
Басс
Басс баритон


Үйл явдал XIX зууны сүүлээр Нагасаки хотод болно.
Нэгдүгээр бүлэг
Нэгдугээр үзэгдэл
Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч Пинкертон, Япон бүсгүй Чио Чио Сантай гэрэлснийхээ дараа сууж амьдрахаар хөлслөн авах байшингаа үзэх гэж иржээ.
Зууч Горо байшингаа өндөрт хөөргөн магтаж далимд нь дэслэгчид, Чио Чио Саны зарц бүсгүй Сузукийг танилцуулна.
Энэ хотод суугаа Америкийн консул Шарплесыг ирэхэд Пинкертон байраа үзүүлэх ялдамд япон бүсгүйтэй гэрлэх болсон тухайгаа хэлнэ.
Хашир Шарплес нөхрийгөө хэтэрхий хөнгөдөж, өөрийнхөө толгойд гай хураах юм биш биз гэж сануулахад Пинкертон, Япон бүсгүйн хашийн царай, эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөгдөж, эхнэрээ болгохоор шийдсэнээ ярина.
Энэ үед Чио Чио Сан найз хүүхнүүдээрээ хүрээлүүлэн гарч ирэв. Консул бүсгүйг хүндэтгэн яриа өдөхөд Чио Чио Сан өөрийнхөө гунигт бага насны тухай сэтгэлээ нээн ярьж, бас Пинкертонтой гэр бүл болсноо баяр хөөр болгон өгүүлж байтал бүсгүйн хамаатан болох лам Бонзо ирнэ.
Өвөг дээдсийн шашин шүтлэгийг үхтэл баримтлагч Бонза, Чио Чио Саныг шашин бурхнаас урван тэрсэлсэн, шившигт эм хэмээн хараан загнаж баярт уригдаж ирсэн олныг хөөн тараав.
Балмагдсан бүсгүй уйлан хайлж, Пинкертон аргадан тайвшируулна. Тиймээ бүгд хаяад явсан ч зүрхний хайртай амраг нь хажууд нь байхаас илүү жаргал хаа байх билээ.
Дулаан орны одот тэнгэр дээр мэлтийж,  дурлалт бүсгүйн шивнэх дуу дэслэгчийн сэтгэлийг хөдөлгөн, үүрдийн ханиа гэж дуудан үнэнч байхаа андгайлан бүсгүйг дагуулан байшиндаа орно.

Хоёрдугаар бүлэг
Хоёудугаар узэгдэл
Пинкертоны Японд байх хугацаа дуусч нутагтаа буцсанаас хойш гурван жил өнгөрчээ. Чио Чио Сан хайртай нөхрөө эргэн ирнэ гэж тэвчээртэй хүлээн элдэв доромжлолыг тэсвэрлэж байлаа.
Сузуки ч хүртэл Пинкертоныг эргэж ирнэ гэдэгт эргэлзэж, “Хэрэв эзэн ирэхгүй бол мөнгө маань дуусч, бид өлбөрч үхэх болно” гэж үглэнэ.
Чио Чио Сан янаг хүү нь явахдаа эргэж заавал ирэхээ амласныг дурсан санаж, яаж ирэхийг нь хүртэл Сузукидаа дүрслэн ярина.
Анхилуун цэцэг шиг янаг минь
Ариун бяцхан бүсгүй минь гээд
Энэрэн хайрлаж дууддагсан
Ядрах цаг эцэс болж
Яасан ч тэр минь ирнэ

Байшингийн ойролцоох цэцэрлэгт Горо, Шарплес гарч ирнэ. Консул Пинкертоноос эргэж ирэхгүйгээ бичсэн захиа хүлээн авчээ. Консул бүсгүйд энэ тухай яаж хэлэхээ мэдэхгүй тэвдэж байтал баян Ямадори хүрч ирнэ. Ямадори Чио Чио Саныг эхнээрээ болгохоор эртний хүсч байсан боловч, бүсгүйн эцсийн шийдвэр “Би тантай яасан ч суухгүй” гэсэн үг байлаа.
Шарплес Чио Чио Саныг тайжтай суухыг зөвлөхөд бүсгүйд гомдох гэнэхэн сэтгэл төрсөн боловч Консулын  байдал нэг л сэжигтэй санагджээ. Хайрт нь түүнийг орхилоо гэж үү?
Түүний хүү нь байхад уу, Пинкертон хүүтэй болсноо мэдээгүй,  мэдсэн дороо баярлан хөөрч хурдан эргэж ирэх ёстой.
            Зовж шаналсан Шарплес хүүгийн тухай Пинкертонд бичхээ амлаад яаран гарч явна. Энэ үед их буу буудах чимээ гарч боомтонд хөлөг онгоц орж ирснийг мэдэгдэнэ.
Хөөрхий Чио Чио Сан догдлон хөөрч, Сузукийг хамгийн сайхан цэцэг түүлгэхээр явуулж, хувцсаа сольж, үсээ янзалж хүүгээ дэргэдээ суулгаад хүлээлээ.
            Цонхны цаана харанхуй хүү нь, Сузуки ч унтлаа. Чио Чио Сан л байрнаасаа үл хөдлөн Пинкертоны ирэх зүг ширтэн зогссон хэвээр...

Гуравдугаар узэгдэл
            Үүр цайж нар мандлаа. Чио Чио Сан шөнө өнгөрч, шинэ өдөр эхэлснийг ч мэдсэнгүй Пинкертоноо хүлээсээр байлаа.
Гагцхүү хүүгийн нь тухай бодол түүнийг сэргээж хүүгээ чанга тэвэрсээр унталгын өрөөндөө орлоо.
Шарплес, Пинкертон хоёр ирэхэд Сузуки баярлан угтаж эзэгтэй нь нөхрөө хэрхэн хүлээж, гэр орноо хүртэл амьд цэцэгээр чимснийг сэтгэл хөдлөн ярьж байтал цэцэрлэгт зугаалах нэгэн гоё хатагтайг гэнэт харж дуугүй болов.
Консул энэ хатагтай Пинкертоны гэргий болох тухай Сузукид мэдэгдээд “Энэ бүсгүй хүнлэг сайхан сэтгэл гарган Чио Чио Саны хүүхдийг авч өсгөхөөр шийдсэн” гэв.
Чио Чио Сан гарч ирнэ. Хайрт нь ирсэн гэдгийг зөнгөөрөө тааварласан бүсгүй, түүнийг нүдээрээ эрнэ. Шарплес харцаа буруулж, Сузуки уйлсан байлаа. Гэнэт бүх юм тодорхой болох шиг болов.
Тэд хүүхдийг нь авахаар иржээ. Шарплес эцэгт нь хүүхдийг нь өгвөл өндөр боловсролтой хүн болж өсөхийг Чио Чио Санд хичээнгүйлэн тайлбарлав. Хөөрхий эхийн сэтгэл хямравч өөр зам байхгүй бас мэдэж байлаа. Чио Чио Сан тэднийг нэг цагийн дараа ирж хүүхдийг авхыг хүсээд бүх цонх хаалга хаахыг Сузукид тушаагаад, суугаа бурханы өмнө сөхрөн сууж гэмээ наминчилаад хананд өлгөөтэй хутгыг авах мөчид үнэнч Сузуки хүүг нь түлхэн оруулна. Эх хутгаа алдан хүүгээ тэврэн энхрийлнэ. Гэвч түүний шийдвэрт юу ч саад хийж чадахгүй болжээ.
..... Дөлгөөн харцаараа хүү минь
Ээжийгээ сайн хараарай
Ахиад хэзээч уулзахгүй
Ээжийгээ битгий мартаарай
Сүүлийн удаа хүүгээ тэврэн үнсэж өрөө рүү нь оруулаад
“Адгийн үйлстэй эвлэрэхгүй хүн
Ариун нэртэй үхнэ” гэсэн үг бичээстэй эцгийнхээ хутгаар амиа хорлоно. 

МУГЖ Мархагшийн НАЙДАЛМАА

Чио чио сан дуурийн Madama butterfly-гийн дүрийн анх хэдэн онд бүтээсэн вэ?
1977 онд анх тавихад бүтээсэн.
Таний хувьд Чио чио сан дуурийн Madama butterfly-гийн дүрийн тухай....?
Чио чио сан дүр нь японы эмэгтэй хүний дүр. Хүн бүхний амьдралд хүнд хэцүү үе тулгарахад эмэгтэй хүн шийдвэр гаргадаг... би тийм л дүр бүтээсэн. Тухайн дүрийг бүтээхэд япон улсыг, япон эмэгтэйг, зан араншин, гейша /хамгийн боловсролтой хар багаасаа хөгжмийн яамарваа нэг хөгжмийг эзэмшсэн, дээд зэргийн соёлтой хүн гэж бичсэн байдаг/ гэж юу гэсэн үг вэ гэдгийг судалсан. Энэ бүхнийг өөртөө шингээж аваад бүтээх хэрэгтэй байдаг. Би ч их дөхүүлж бүтээсэн болов уу гэж боддог. Мэдээж тэр үед найруулагч, удирдаач, зураач нар маань ямар хүмүүс байлаа. Анхны тавилт болоод тэр үү их мундаг болсон яагаад гэхлээр тайзны засалт нь Японы гэхээр жижигхэн зүйлсээр чимсэн сайхан тохирсон байсан, зураачаа Гаваа ажилсан.
Тухайн дүрийг бүтээхэд юуг илүү анхаарсан вэ?
Анхаарах зүйл нь олон. Үүнд зүс царайгаа янзлах, кимано яаж өмсөх үү, алхаа гишгээ ямар байх уу энэ бүхнийг анхаарах хэрэгтэй. Ямарваа дүрийг бүтээхэд гишгээ алхаа, харилцаа, ёсолгоо хувцаслалт бүхнийг мэддэг байх хэрэгтэй. Ийм учираас ерөөсөө дүр болгонд энэ бүхнийг анхаарах хэрэгтэй.
Чио чио сан эмэгтэй хүний бүхий л ариун дээд чанарыг хадгалсан, хүнд хэцүү үед тэвчээртэй байж чаддаг, хайр сэтгэлийн  төлөө амьдрал болон өөрийгөө золиослож чадсан. Үүнийг дуулахад дотоод сэтгэл, дүр бүтээх илэрхийлэл нь ямар байх вэ?
Дотоод илэрхийлэл, сэтгэл нь хөгжмийг илэрхийлэх нь хамгийн чухал. Хөгжмийн дотор орох хэрэгтэй. Чиний хоолой оркестрын нэг зэмсэг болж дуугарах хэрэгтэй.  Оркестрд дуугарч байгаа гармоноос илүү гарч болохгүй.
Тухайн дүр их урт, удаан дуулагддаг учир зарим тохиолдолд дуучидын хоолой ядрах нь тохиолдол гардаг. Таний бодлоор ямар зарчим баримталвал болох вэ?
Удаан цагаар дуулахад хоолой ядрах ёсгүй. Дуучин нь дуулах ур зүйгээ зөв эзэмшсэн тохиолдолд хэзээ ч ядрахгүй. Партитураа сайн мэддэг байх хэрэгтэй. Тэрийгээ сайн мэддэг байж л сайн дуулна.
Тэр үед манайд гадаадын мундаг мэргэжилтэнгүүд ажилдаг байсан. Тэр багш нар маань бидэнд маш их юм сургадаг байсан. Тиймээс миний хоолой хэзээ ч ядарч байгаагүй.
Жүжиглэлт, характер  ямар байх вэ?
Жүжиглэх характер нь Япончуудын тухай судлаж Япон төрх гаргах хэрэгтэй.
Ари Дуетийн дуулахад зан характерийн яаж гаргаж өгөх үү? Та өөрөө яаж гаргасан гэж боддог уу?
Чио чио сан дуурьт 4 ари байна. Энэ дөрөв нь дөрвөн янзын характерд гардаг.
Эхний ари аз жаргалтай эмэгтэй ямар байх уу эмэгтй хүн аз жаргалтай болох үед нот хамгийн дээшээ дээд цэгт байрлахыг харуулдаг.
2-р ари нь амьдралыг даван туулах гэсэн итгэл тавьсан ари
3-р ари нь хүүлээж байгаа ирнэ гэсэн найдвар тавьсан.
4-р ари нь төгсгөлийн ари юм үхэхийн өмнөх энэ нь хамгийн доод өнгөөр дуусдаг учраас ингээд чиний амьдрал дууслаа гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхлээр хорвоод 4 улирал байдаг шиг 4 өөр аритай. Үүнийг хүний насаар бодоход зун бол хүний залуу нас. Хавар бол юм мэдэхийг хүсч байгаа залуу нас, өвөл бол оргил нас юуг ч тэсвэрлэх чадвартай тэвчээртэй, намар бол хүний ахмад нас гэж бодоод зүйрлэх хэрэгтэй.
 Тухайн дүр дээр та хойч залуу үед хандаж юу захих уу?
Мэдээж захих зүйл зөндөө байна. Гэхдээ надаас ирж асуувал би хэлж өгнө. Харин ерөнхийд нь хөгжмөө яаж ойлгож байна яаж мэдэрч байна тэрүүгээрээ л залуучуудыг дүгнэдэг. Тиймээс  хүн болгон зүс царайгаар адилхан биш шүү дээ тэрэнтээ адилхан хүн болгон өөр өөрийнхөөрөө бүтээх хэрэгтэй, хэн нэгийг дуурайж болохгүй гэхдээ хөгжмөөс хэзээ ч холдохгүй байх хэрэгтэй. Оркестртээ нэг зэмсэг болж дуугарах хэрэгтэй.
Дж.Пуччинийн тухай таний бодол?

Пуччиний бол классик аргаар бичдэг мундаг зохиолч, хөгжимчин. Пуччинийг дуулахад мэргэжлийн ур чадвараас гадна хөгжмийн асар их мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ юутай холбоотой вэ гэхлээр маш их сэтгэл хөөрөлтэй хүн байсан мөн хөгжмийн дээд зэргийн мэдрэмжтэй хүн байсан.

МУАЖ Төрийн шагнат Хорлоогийн УРТНАСАН

Чио Чио Сан дуурийн Madama butterfly-гийн дүрийн анх хэдэн онд бүтээсэн вэ?
1975 онд гарсан. Гадаадын тайзнаа бас бүтээсэн.
Таний хувьд Чио Чио Сан дуурийн Madama butterfly-гийн дүрийн тухай ойлголт ямар байх вэ?
Чио чио сан дуурь бол дуурийн театрын урын санд заавал байх ёстой нэг сонгодог дуурь бол яах аргагүй мөн юмаа. Яагаад гэхлээр Чио Чио Санд гарч байгаа үйл явдал, хөгжим, дуучидын өндөр ур чадвар шаардсан, үзэгчидэд хүрэх хүртээмжийн харахад Чио Чио Сан бол манай дуурийн уран санд байх ёстой дуурийн нэг яар араггүй мөн юмаа.  Ер нь чио чио сан дуургүй Дуурийн театр байна гэж хэлэхэд их хэцүү гэж ярьдаг.
Юуг илүү анхаарсан вэ?
Дуулах болгонд тайзны бүтээл учраас сайжрах учиртай. Тэрэнд би бол дөхсөн гэж боддог. Чио чио сан дуурь нь сопраны дээд шалгуур бүтээл юм. Үүнийг дуулахад вокалный дуулалт их анхаарч ирсэн. Ер нь бүх зүйлийг анхаарах мөн хөгжмөө маш сайн мэдрэх хэрэгтэй.
Чио чио сан дуурийн хөгжмийн хэллэг нь ямар байх вэ?
Чио чио сан дуурь нь хөгжмийн хэллэгийг зурж чадсан. Пуччины яруу тод зурж өгсөн. Ялангуяа төв ари. Чио Чио Саныг дуулах болгонд бүх зүйлийг анхаарах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хөгжмийг их анхаарах хэрэгтэй.

Тухайн дүр их урт, удаан дуулагддаг учир зарим тохиолдолд дуучидын хоолой ядрах тохиолддог. Таний бодлоор ямар зарчим баримталвал болох вэ?
Дуулаач нь их ухаантай дуулах хэрэгтэй. Мэргэжлийн вокал сайн ойлгосон хүний хоолой ядрах цуцах тохиолдол гардаггүй. Их ухаан зарах хэрэгтэй. Тэгж байж л энэ дүрийг даван туулна.
Жүжиглэлт, характер  ямар байх вэ?
Дахиад л хэлье. Хөгжим нь өөрөө характерийг заагаад өгсөн. Тиймээс хөгжмөө маш сайн мэддэг байх хэрэгтэй.
 Нэг дуурь бүтээнэ гэдэг нь өөрийнхөө зүрх сэтгэлийг барж байж л бүтээнэ. Цаасан дээр бичсэн нотнуудыг амьдаруулж байж л дуурь бүтнэ.
Тухайн дүр дээр та хойч залуу үед хандаж юу захих уу?
Хүн болгон дахин давтагдахгүйгээр өөрийн онцлогтой бүтээгээсэй гэж  боддог. Чио Чио Саныг дуулах үнэхээр дуучин хүн болсоны оргил хэсэг болж таарна. Үүнийг хүсэхэд 2,20 минут дуулж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Тийм учраас энэ маш сайн дуулах ур зүйн техник эзэмшсэн байх ёстой. Тийм болохоор дуулах ур зүйн чадвар маш сайн эзэмшсэн, их ухаантай, зүрх их халуунтай байх ёстой, сэтгэл санаа, дотоод ертөнцийг их сайн бэлдсэн байх ёстой.  Чио Чио Саныг муу дуулахад ганц хоёр дуулаад л болинодоо тиймээс маш сайн дуулж гарах хэрэгтэй. Мөн дээрх зүйлийг анхаарах ёстой.
Дж.Пуччинийн тухай таний бодол?

Пуччины бол миний хувьд бол дуурийн бурхан гэж боддог. Пуччиныгийн аркестровк нь их шингэн гоё дуучин хүний ур чадвар байгаагаар нь гардаг. 

МУАЖ Батын ЖАВЗАМДУЛАМ

Чио Чио Сан дуурийн Madama butterfly-гийн дүрийн анх хэдэн онд бүтээсэн вэ?
Уртнасан багш найруулж 1992 онд анх гарсан.
Таний хувьд Чио Чио Сан дуурийн Madama butterfly-гийн дүрийн тухай ойлголт ямар байх вэ?
Дуурь тоглож байгаа улсууд судалгаа шинжилгээ маш сайн хийсэн байх ёстой. Еөрөөл бусдын хэлсэнийг маш сайн тусгахыг хүснэ, сургаж шаардаж байгаа шаардлага маш сайн биелүүлэх, энэ бүхнийг судлах хэрэгтэй. Чио Чио Саныг ямар хүн байсаныг төсөөлж тэр төсөөлд орох хэрэгтэй. Хажууд цуг тоглогдох партнёруудын онцлогыг, донж маягыг бас судалсан байх хэрэгтэй.  Бие биенийнхээ дотоод ертөнц, үл хөдлөлийг их анхаарах, мэдрэх хэрэгтэй.
Миний хувьд бол том биетэй хөл, гар томтой тэр турхан зөөлөн, уян хатан Япон хүүхний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд бол тохирохгүй байсан болов уу гэж хувьдаа боддог гэвч надад аз дайрч би тухайн дуурьт гарсан.
Чио Чио Сан хийхэд амаргүй байсан. Бие галбирын хувьд дутагдалтай байсан боловч дотоод сэтгэлээр мэргэжлийн ур чадвараар Чио Чио Саныг гаргасан гэж боддог. Өнгөн талаасаа жижиг 15 тай хүүхэн байгаагүй ч дотоод сэтгэлээр 15 тай жижиг хүүхэд гаргасан гэж хувьдаа боддог.
Юуг илүү анхаарсан вэ?
Дуулах техникийн арга анхаарах хэрэгтэй. Хөгжмөө маш сайн ойлгож сонсох хэрэгтэй.  Алхаа гишгээгээ, хөдөлгөөн, харц, сууж босох гэх мэтийг сурах энэ бүхнийг анхаарах хэрэгтэй.  Дүрээ судлаад донж маягаа мэдээд ирэхээр, хөгжмөндөө хөтлөгдөөд явна. Чио чио саныг дуулж гаргахад Жавзамдуламаас гараад Чио чио сан болдог.  Бусдыг дуурайх биш өөрийгөө уутлах хэрэгтэй. Дуурь эхэлсэнээс дуустал нь бүх хэсгийг бодно.
Тухайн дүр их урт, удаан дуулагддаг учир зарим тохиолдолд дуучидын хоолой ядрах нь баггүй тохиолддог. Таний бодлоор ямар зарчим баримталвал болох вэ?
3 цаг юу ч биш. Ямар ч дуурийн дуучин мэргэжлийн ур чадвар, арга техник маш сайн эзэмшсэн дуучны хоолой хэзээч яадрах ёсгүй. Эхний үзэгдэл том ари, дуетээр эхэлдэг. Тиймээс энэ бүхнийг зохицуулах хэрэгтэй. Ерөөсөө амархан зүйл байхгүй, жижиг дүр гэж байхгүй тийм учраас маш их хөдөлмөрлөх хэрэгтэй.
Тухайн дүр дээр та хойч залуу үед хандаж юу захих уу?
Залуу үед хандаж хэлэхэд ачаалал даах чадварт суралцаарай гэж хэлнэ. Хөгжмөө сайн судал, дүрээ сайн судал гэж хэлмээр байна.
Одоо /өмнөх үе/ бүтээж байгаа дуучдаас таньд юун илүү таалагддаг?

Найдалмаа багшыг маш сайн Чио Чио Сан болсон гэж боддог. Найдалмаа багш их гоё зөөлөн дуулдаг бие хаа нь бас их тохирсон. Уртнасан багш Драматический талаасаа их сайн гаргасан гэж би хувьдаа боддог. 

МУГЖ Бадамсүрэнгийн ЦЭЦГЭЭ

Чио чио сан дуурийн Madama butterfly-гийн дүрийн анх хэдэн онд бүтээсэн вэ?
1991 онд анх гарсан.
Таний хувьд Чио чио сан дуурийн Madama butterfly-гийн дүрийн тухай ойлголт ямар байх вэ?
Чио чио сан Япон эмэгтэйн чанарыг гаргахыг зорьсон. 15 настай хүүхэд Пинкертонтой амьдрал зохиосон. Эмэгтэй хүний бүхий л ариун дээд чанарыг хадгалсан, хүнд хэцүү үед тэвчээртэй байж чаддаг, хайр сэтгэлийн  төлөө амьдрал болон өөрийгөө золиослож чадсан.
Юуг илүү анхаарсан вэ?
Миний хувьд илүү вокалный дуулахыг их анхаарсан. Маш сайн толгой ажиллуулж дуулах хэрэгтэй. Зөв хувиарлаж, зөв дуулах хэрэгтэй.
Тухайн дүр их урт, удаан дуулагддаг учир зарим тохиолдолд дуучидын хоолой ядрах нь баггүй тохиолддог. Таний бодлоор ямар зарчим баримталвал болох вэ?
Дотоод сэтгэлээ маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Хүүхдэрхэг зангаа бас маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Бүх өнгөнүүдээ зөв хувиарлаж дуулах хэрэгтэй. Амьсгаагаа зөв байрлуулах хэрэгтэй.
Тухайн дүр их урт, удаан дуулагддаг учир зарим тохиолдолд дуучидын хоолой ядрах нь баггүй тохиолддог. Таний бодлоор ямар зарчим баримталвал болох вэ?
Дуучдын хоолой ядрах гэдэг нь буруу дуулалт байж болно. Эсвэл ойрхон жүжигт гарсанаас байж магадгүй.
Ари Дуетийн дуулахад зан характерийн яаж гаргаж өгөх үү? Та өөрөө яаж гаргасан гэж боддог уу?
Ари дуетийг дуулахад аль болохоор Япон хүүхний донжийг гаргаж өгөх, ханьдаа үнэнч, хүүхдийн гэнэн аашын дүрсэлж өгөхийг зорьсон.
Тухайн дүр дээр та хойч залуу үед хандаж юу захих уу?
Ухаалаг вокалный зөв дуулахыг залуучуудад захиж хэлнэ.

Пуччины маш их лирик бичсэн их мундаг агуу зохиолч. 

СТА Балгансүрэнгийн ЭРДЭНЭТУЯА

Та Чио Чио Сан дүрд хэзээ анх гарсан вэ? Таний хувьд чио чио саны тухай ойлголт ямар байх вэ?
Чио чио саны тухай хэцүү дүр анх итали улсад гаргаж сурч ирсэн. Миний хувьд Япон хүүхнийг бүтээхийг хичээсэн. Гэвч Чио Чио Сан Япон хүүхнээр бүтэх боломж байхгүй. Яагаад гэхлээр сая Солонгосчууд ирэхэд тэд нарын ойлголт бол Чио Чио Сан хүний өмнө бөхөлзсөн яг л Ази чанараар гаргах гээд байсан. Гэвч яг  Ази чанараар гаргахаар хөгжим нь болдоггүй, тухайн дуурийн хөгжим нь сэтгэлийг хамаад хөдөлгөөнд оруулаад нүүрэнд бүх юмыг биччихдэг. Яагаад гэвэл энэ эрс тэрс дүр юмаа. Яагаад гэвэл Ази хүүхний тухай өгүүлж байгаа мөртлөө Европ хүний үзэгдэл юм. Тийм учраас тэнцвэрийн олоход их хэцүү дуурь юм. Пуччины  өөрөө Европ сэтгэлгээтэй хүн учраас европ сэтгэлгээтэй бичсэн байх гэж боддог. Хөгжим нь хүнийг аваад явчихдаг учраас аль болох баланс олохыг хичээсэн. Чио Чио Сан дуурийг Урмен, ОХУ-ын Якутын театрт бүтээсэн.
Дүрийг бүтээх бүрд ямар онцлогтой байдаг вэ?
Чио Чио Саныг дуулах болгонд тэр дундаа нотыг нээх болгонд шинэ юм олж харна.
Та юуг илүү анхаарсан вэ?
Дүрийг бүтээх болгонд хэт хөгжимдөө автаад хэт хурц хөдөлгөөн хийх вий гэхээс анхаардаг. Гэхдээ энэ бүхэл бүтэн дуурь учираас бүх зүйлийн их анхаарч бүтээх болно.
Чио чио сан эмэгтэй хүний бүхий л ариун дээд чанарыг хадгалсан, хүнд хэцүү үед тэвчээртэй байж чаддаг, хайр сэтгэлийн  төлөө амьдрал болон өөрийгөө золиослож чадсан. Үүнийг дуулахад дотоод сэтгэл, дүр бүтээх илэрхийлэл нь ямар байх вэ?
Би дуурь бүтээхэд тэр чигээрээ хөгжимөө л сонсдог.
Чио Чио Сан эхлэхэд дээшээ ре нотоос эхэлдэг их хэцүү дуурь төгсгөлийн ари бас их хэцүү. Тэгэхлээр энэ дуурийг дуулахад 4 хэсэгт хувиарлаж дуулдаг.  Зарим хэсгүүдэд хоолойгоо амраадаг. Харин хүүхдээ тэвэрч гардаг үед  хамаг хүчээ гаргахыг боддог. Тиймээс маш их ухаан хэрэгтэй.
Жүжиглэлт, характер  ямар байх вэ?
Жүжиглэлт характерд тодорхой барьц байдаггүй. Хөгжмийн хувьд бол хөгжим нь хоосон орон зай хүнд өгөхгүй, хөгжим нь өөрөө бүхнийг хэлсэн байдаг.
Ари Дуетийн дуулахад зан характерийн яаж гаргаж өгөх үү? Та өөрөө яаж гаргасан гэж боддог уу?
Ари болгон өөрийн гэсэн онцлогтой. Би эхний гаралтанд их дуртай. Яагаад гэхлээр  тэр азтай 15 настай охин “би Японы хамгийн азтай хүүхэд, үгүй үгүй би хорвоо ертөнцийн хамгийн азтай хүүхэд хайр дурлалын хойноос ирлээ шүү дээ” гэсэн тэр илтгэл найдвар их гайхамшиг. Дээгүүр дүүлж байгаа шиг их өндөр ноттой бичсэн. 2-р ари их хүнд ари. Харин цэцгэн дуеть бас их гайхалтай. 18 настай Пинкертоныг хүлээж байгаа энэ хэсэг их гоё. Эхний дуетийг бас ярихгүй өнгөрөөж болохгүй их сайхан. Тиймээс ер нь зан характер гаргахад би хөгжмөндөө л хөтлөгдөж гаргаж өгнө. Хөгжмөнд бүх зүйл тодорхой.
Тухайн дүр дээр та хойч залуу үед хандаж юу захих уу?
Хойч үедээ захих нь хамгийн эхэнд хэл сурах хэрэгтэй байна. Хөгжмийн зохиолч юу гэж бичсэн тэр чигээр нь амилуулахыг захидаг. Пуччины юу бичсэн тэр чигт нь амилуулахыг захимаар байна.
Дж.Пуччинийн тухай таний бодол?

Пуччины дуурийн урлагийг аялгуут урлагын хаан юм болов уу гэж боддог. Пуччины их муухай ааштай хүн байсан гэж хэлдэг тэр нь дуурийн хөгжмөнд их ажиглагддаг. 2 такт болгон өөр өөр хэмнэлттэй.

МУГЖ Содномцэрэнгийн МӨНГӨНЦЭЦЭГ

Чио чио сан дуурийн Madama butterfly-гийн дүрийн анх хэдэн онд бүтээсэн вэ?
2007 онд анх гарсан.
Таний хувьд чио чио саны тухай ойлголт ямар байх вэ?
Анхнаасаа бид нарт Чио чио сан дотроо 4 аритай, гэвч бусад дууриудад 2 юмуу 3 аритай байдаг. Тиймээс миний хувийн ойлголт бол маш өндөр боловсрол эзэмшсэн хүн дуулах ёстой маш хэцүү дуурь гэж боддог.
Тухайн дүрийг бүтээх бүрд ямар онцлогтой байв?
Бүтээх бүрт илүү сайжруулахыг хичээж байсан. Энд бас цуг тоглож байгаа партнёрууд их чухал үүрэгтэй. Партнёр сайн байгаа тохиолдолд өөрөө бас сайн хариу үйлдэл үзүүлдэг тиймээс гаралт болгон өөр өөрийн онцлогтой. Жүжиг бүтээхэд ээж болоогүй байхад нэг онцлогтой, ээж болоход нэг онцлогтой, жүжгэнд хүүхдээ оруулахад нэг онцлогтой.
Тухайн дүр их урт, удаан дуулагддаг учир зарим тохиолдолд дуучидын хоолой ядрах нь баггүй тохиолддог. Таний бодлоор ямар зарчим баримталвал болох вэ?
Дуучин болгон чадвартай байж болно. Тэр чадварыг маш зөв хувиарлах хэрэгтэй.
Та өөрөө тухайн дүрийг яаж бүтээж чадсан гэж боддог?
Ер нь бол Япон эмэгтэй хүн бол ёс дэг жаяг, маш сайн илэрхийлдэг байх хэрэгтэй. Их уян налархай, хүндэтгэлтэй, харьцаа хөдөлгөөн дээр нь илэрхийлэгддэг. Хайр сэтгэлдээ үнэнч тууштай, үр хүүхдийнхаа төлөө юмаа золиослоход буцахгүй, маш их тэвчээртэй тийм л дүрийг гаргахыг зорьсон.  Дүр бүтээх илэрхийлэл нь 1-р үзэгдэлд 15 настай жоохон охин, дараагийн үзэгдэлд тэвчээртэй хатуужилтай хэрсүү эмэгтэй болно энийг л гаргаж өгөхийг хичээсэн. Дуучин хүн ядрахгүйн тулд ачааллаа маш зөв зохицуулах хэрэгтэй. Жүжгэнд хэт ороход сэтгэлийн хөөрөлд хэт автахгүй байхыг хичээдэг.
Жүжиглэлт, характер  ямар байх вэ? Ари Дуетийн дуулахад зан характерийн яаж гаргаж өгөх үү? Та өөрөө яаж гаргасан гэж боддог уу?
Жүжиглэлт характер нь өөр өөрийн онцлогтой. Эхний үзэгдэл нь үүлэнд нисээд байгаа юм шиг сэтгэгдэлтэй дуулдаг, 2-р үзэгдэл найдвар байгаад байдаг, амьдралын хамгийн хэцүү үе нь энэ үзэгдэлд харагддаг. Жишээлэхэд мөнгөгүй байх ямар хэцүү байдаг гэх мэт чио чио саныг их тарчлаасан. 3-р үзэгдэл нь шийдвэр гаргасан үзэгдэл энэ нь хүүхдийнхаа төлөө өөрийгөө золиослож байгаа хэсэг сэтгэл зүйн хувьд бол гашуудал юм.
            Тухайн дүр бүтээхэд цуг гарч байгаа портнёрууд их чухал. Портнёрууд сайн хариу үйлдэл үзүүлээд байвал өрөөч сайхан дуулаад явна. Хэрэв партнёрд хандаж дуулаад байдаг хариу үйлдэл хийхгүй байх бас хэцүү байдаг.
Тухайн дүр дээр та хойч залуу үед хандаж юу захих уу?
Залуу хойч үе өөрийн онцлогийг харуулсан байгаасай гэж хүсдэг. Хүнийг битгий дууриагаасай гэж  хүсдэг. Сонирхолтой байдлыг алдагдуулахгүй байх.
Өмнөх үеийн бүтээж байгаа дуучдаас таньд юун илүү таалагддаг? Жүжиглэлт үү дуулалт уу? аль эсвэл дотоод сэтгэл нь үү?
Ахмад үеийн дахин давтагдашгүй чанарууд нь надаа их таалагддаг.
Дж.Пуччинийн тухай таний бодол?

Пуччины Японы үндэсний жүжиг үзэж байгаад үзэж сууж байхад л энэ дуурийг бичсэн байна. Японы хөгжмийн онцлогийг бас шингээсэн юм шиг надаа санагддаг. Энэ дуурьт сул пауз байхгүй харин пауз болгон учир утгатай байдаг. Оркестрын аялгуу нь дүрийн характерийн илүү гаргаж өгсөн. Их өтгөн, шигүү бичэгдсэн. Темп, ритм нь их өөр өөр байдаг. Тийм учираас Чио чио саныг дуулахад их хэцүү.